МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”-ыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.

Чуулганд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Г.Адъяа, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, ХНХЯ-ны хэлтсийн дарга Э.Бауыржан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, бусад удирдах ажилтнууд болон Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн нутгийн захиргааны байгууллага, ажилтан, ажил олгогчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцсон юм.

Чуулган ХАБЭА-н талаар төрийн бодлого ба талуудын байр суурь, ХАБЭА-н талаар хэрэгжүүлж буй туршлага, ХАБЭА-н талаар анхаарах асуудал, зөвлөмж гэсэн гурван хэсгээр үргэлжилсэн юм. Энэ үеэр Говь-Алтай аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Увс аймгийн ажил олгогч эздийн холбоо, Завхан аймгийн аж ахуйн нэгж байгууллага, Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК болон тус аймгийн салбар хорооноос ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл, сайн туршлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн аймгийн ХАБЭА-н зөвлөл байгуулж ажиллах тухай, тус зөвлөлийн гишүүдий ажил үүргийн хуваарь, дүрэм, гишүүдийг сонгон шалгаруулах журам, ажил дүгнэх үзүүлэлт, цаашид анхаарах асуудал, ХАБЭА-н хяналтын тогтолцоо, ослыг тэглэх алсын хараа, ХАБЭА-н удирдлагын шинэ хандлагын талаар хэлэлцэж, баруун бүсийн хэмжээнд ХАБЭА-н асуудлаар тулгамдаж буй зүйлс, шийдвэрлэх арга замын тухай харилцан санал солилцсон юм.

Чуулганд оролцогчид ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтыг хангах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар санал нэгдлээ. Мөн ХАБЭА-н стандарт, дүрэм журамд нөхцөл байдлын үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ХАБЭА-н сургалтад хамруулах, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж хэвших, энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг санал гаргалаа. Зөвлөгөөний үр дүнд гаргасан саналыг энэ сарын сүүлчээр болох ХАБЭА-н улсын зөвлөгөөнд хүргүүлж, төр засгийн бодлогод тусгуулан ажиллахаар боллоо.