Хөдөө аж ахуй

Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртлээ

Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан тариаланчдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж жил бүрийн сар шинийн босгон дээр “Монгол улсын аварга тариаланч” цол олгодог уламжлалтай.

Ховд аймгаас 3 тариаланч “Улсын аварга тариаланч”-аар шалгарсаны нэг нь Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс юм. Отгонтөгс хүүхэд байхаасаа эхлэн аав ээжийгээ дагаж газар тариалангийн ажилд суралцсан. 1998 онд өрх тусгаарлан, тэр цагаас хойш өдий хүртэл газар тариалангийн салбарт ажилласаар ийнхүү “Монгол улсын аварга тариаланч” цол хүртэж байна.

Аваргын шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.

Б.Отгонтөгсийнх жил бүр 3-5 га талбайд төмс хүнсний ногоо, тарвас, тэжээлийн ургамал тариалж жилдээ 30-50 тн ургац хураан авдаг байна. Цаашид ялангуяа малын тэжээлийн ургамлын тариалалтын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Жимс жимгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зорилготой хэмээн ярьж байлаа.

Мянгад нутгийн хөдөлмөрч тариаланчид буюу Тариа бригадынхан эрт дээр үеэс 7-ийн гэх энэ шим, хөрс сайтай талбайд тариа ногоогоо тарьж ирсэн уламжлалтай. Одоо энд 30 гаруй айл газар тариалан эрхэлдэг байна.