Хөдөө аж ахуй

МЯНГАД СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН Л.ПҮРЭВСАН “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Хулгана жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн ажилч, хичээнгүй малчин түмнээс 9 малчин хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Мянгад сумын Баянбулаг багийн малчин Л.Пүрэвсангийн гэр бүл юм.

Аварга малчин өрхийн хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.

Л.Пүрэвсан аваргынх Мянгад сумын Баянхошуу багийн нутаг “Өвөлжингийн дөрөлж” гэх газар нутаглаж байна. Эднийх 2010 оноос хойш жил бүр 1000-аас дээш толгой мал тоолуулжээ. Аав ээжээсээ өвлөсөн малч ухаан, арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ ийнхүү төрдөө үнэлүүлж Улсын аварга малчин гэсэн хүндтэй цол хүртсэндээ баяртай байна.