Боловсрол, Эрүүл мэнд

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ оны анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож үг хэлэн сургалт зөвлөгөөнийг эхлүүлсэн юм. Хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбарын хамт олонд харилцаа хандлага, ажлын  сахилга хариуцлагаа сайжруулж иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэн амжилттай ажиллахыг аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэ жилийн зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Эмнэлэгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга М.Баттүвшин, яамны зарим мэргэжилтнүүд зориуд ач холбогдол өгөн оролцож орон нутагт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг судлан ажиллаж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна. Сургалт зөвлөгөөнд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн захирал, тасаг албадын дарга нар, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нар, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 120 гаруй хүн хамрагдлаа.

Эрүүл мэндийн яам “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлсэн бол Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан үүнээс гадна “Эх хүүхэд-Бидний ирээдүй” уриаг давхар дэвшүүлэн ажиллахаар тодорхой зорилт тавин ажиллаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллахаар зорьсон байна.

Ховд аймаг 80000 гаруй иргэдтэй. Тэдний эрүүл энхийн төлөө нойр хоолоо хасан байж 1244 эмч, эмнэлэгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байна. Тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах, сургаж дадлагажуулах, орчин үеийн эмчилгээ оношилгооны техник тоног төхөөрөмжөөх хангах, эмнэлэгийн барилгын засвар хийх гээд энэ салбарт багагүй ажил хийгдэнэ. Тухайлбал Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,6 тэрбум, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 657,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна.