Бүтээн байгуулалт

ЭНЭ САРД ”ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Улсын төсвийн болон орон нутгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар барьсан ч газар, өмчлөлийн маргааны улмаас хэдэн жил шүүхдэж, 3 дахь Засаг даргынхаа нүүрийг үзэж байгаа “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг бүрэн ашиглалтад оруулахаар аймгийн Засаг дарга гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг зөвөөр шийдэх гарц юу байгаа талаар судалж ажилласны үндсэн дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд “Эвийн хүч” орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцуулж дүрмийг нь батлуулсан. Тэгвэл энэ сарын 4 ний өдөр хоршооны 300 гаруй гишүүдтэй уулзаж “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг ашиглалтад оруулах талаар болон аймгийн Засаг дарга, Хоршооны дарга нарын хооронд байгуулах урт хугацааны, тогтвортой байдлын гэрээний төслийг танилцуулж, санал солилцлоо. Уулзалтад оролцсон хоршооны гишүүд битүү худалдааны төвийг ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлэн ажиллах орон нутгийн бодлогыг дэмжлээ.

Гэрээнд тусгаснаар хөрөнгө оруулалтын хэмжээгээр “ЭВИЙН ХҮЧ” ОНӨОААТҮГ нь өмчийн 78 хувийг, ХОВД ЭВИЙН ХҮЧ” хоршоо нь 22 хувийг эзэмших юм. Харин удирдлага, менежментийн 70 хувийг хоршоо, 30 хувийг орон нутаг хариуцахаар болж байна. Ингэснээр олон бизнес эрхлэгчид ашиг орлогоо нэмэгдүүлэх, орон нутгийн 400 гаруй хүн ажлын байртай болох боломж бүрдэх юм.

Эвийн хүч худалдааны төвийг УИХ-ын тогтооллоор орон нутгийн өмчид шилжүүлсэн. Битүү худалдааны төвийг ашиглалтад оруулж түүгээр үйлчлүүлэх асуудал ард иргэдийн хүлээлт, нийгмийн захиалга учраас Орон нутгийн өмчийн газар хариуцан шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлж байна. Цахилгаан халаагууртай байсныг өөрчилж усан халаагууртай болгожээ. Мөн галын аюулгүй байдлыг хангах, агааржуулалтыг нь сайжруулах, цахилгааны монтажыг иж бүрэн засварлах, иж бүрэн камержуулалт суурилуулах, цэвэр бохирт холбох зэрэг ажлыг хийж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийг эзэнгүйдүүлсэн, үүнээс болж тоногдсон, ашиглаагүй байхад тог цахилгааны өр үүссэн, эвдэрч гэмтсэн зэрэг олон асуудал бий. Юутай ч аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 3-р сарын 15 гэхэд засвар үйлчилгээний бүх ажлыг хийж дуусган үйл ажиллагааг нь жигдрүүлсэний дараа маргаантай асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар хянуулж, шалган шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.