Боловсрол, Эрүүл мэнд

Ховд аймаг дахь БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс 300 орчим нь халдварын улаан бүсэд 1-5 удаа ажиллаж үүрэг гүйцэтгээд байна

Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн “Эрчимт эмчилгээний тасаг”-аар орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр халдварын хамгийн эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болог өвчтөн, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсов.

Эн тэргүүнд хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж иргэнийхээ амь насыг аварч, эрүүл мэндийг нь хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Ховд аймаг дахь БОЭТ нь 400 гаруй эмч мэргэжилтэнтэй. Тэдгээрээс 300 орчим нь өнөөдрийн байдлаар халдварын улаан бүсэд 1-5 удаа, нэг удаадаа тус бүр 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгээд байна. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт маш хүнд оноштой өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа учраас энд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд эрсдэл өндөртэй орчинд хамгийн их ачаалалтай  ажиллаж байна.

Ажлын хэсэг дараагаар нь “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-өөр орж нөхцөл байдалтай танилцлаа. Сүүлийн өдрүүдэд ачаалал багасч байгаа ч шийдвэрлэх асуудал бас байсаар байна. Юун түрүүнд асуумж авах ажилтны тоог нэмэгдүүлж иргэдийн хүлээх цагийг багасгах энд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хувцас хамгаалах хэрэгслэлээр хангах, нэгдсэн журмаар даатгалд хамруулж цалин урамшууллыг нь цаг хугацаанд олгох асуудлыг шийдвэрлэж ажиллахаар боллоо.