Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 430 ХҮН ЭДГЭРЧ, ШИНЭЭР 203 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАН НАС БАРАЛТ 3-ААР НЭМЭГДЛЭЭ

2021 оны 09 дугаар сарын 16-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 615 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 193 эерэг, 143 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 203-аар нэмэгдэж нийт 13431 боллоо.

Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 19, Буянт сумаас 3, Дарви сумаас 12, Дуут сумаас 4, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 12, Манхан сумаас 8, Мөст сумаас 4, Мянгад сумаас 4, Үенч сумаас 11, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 9, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 106 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.17/ байдлаар нийт 652 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 367 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 44 нь “Ач заяа” эмнэлэгт, 241 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 55 нь 0-18 насны хүүхэд, 58 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 10, хүнд-53, хүндэвтэр-228, хөнгөн 361 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1559, сумдад 1038 нийт /2597/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 430 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 10177 нь эдгэрсэн  байна. Харин Буянт сумын иргэн Д. 67 настай,  эмэгтэй, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, Буянт сумын иргэн Н. 66 настай, эрэгтэй, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Жаргалант сумын иргэн Б. 77 настай, эмэгтэй,  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр коронавирусний халдварын хүндэрсэн хэлбэр, архаг хууч өвчний хавсарсан оношоор нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эдгээр иргэдийг “Ковид-19” цар тахлын халдварын улмаас нас барсан болохыг ЭМЯ-аас баталгаажуулсанаар Ховд аймагт нийт нас баралт 16 бүртгэгдэж байна.

Сүүлийн 24 цагт нийт 107 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 7 нь 1 дүгээр тун, 20 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55951 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52006 хүн буюу 81,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 80 хүн хамрагдаж нийт 3741 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”