Цаг үеийн мэдээ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого боловсруулах зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, Жайка ОУБ-тай хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д санал авах уулзалт, хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймаг, сумдын удирдлагууд, холбогдох байгууллагуудын удирдлага мэргэжилтнүүдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцож санал солилцов.

Ховд аймгийн хувьд хатуу хучилттай авто замаар өмнөд, хойд хөрштэй холбогдсон тээвэр ложистикын төв болж хөгжихөөс гадна бүс нутгийн гарцыг Эрдэнэбүрэнгийн УЦС, эко цементийн үйлдвэр, бага оврын нефть боловсруулах үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж, хөдөө аж ахуйн агропарк байгуулах хэмээн тодорхойлж байна.

Харин нийгмийн хөгжлийн тухайд Ховд их сургуулийг түшиглэн эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогч талууд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар илтгэлүүд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.