Соёл урлаг, спорт

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 3-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Биеийн тамир, спортын газарт аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан зохион байгууллаа.

Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн цолтой 7, сумын заан цолтой 18, сумын залуу бөхчүүдийн төлөөлөл 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, Сумын заан Ш.Еркенбек үзүүрлэлээ. Харин Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх, Аймгийн заан Б.Уламбаяр, Буянт сумын харъяат, Аймгийн начин Ц.Дармаабазар нар шөвгөрсөн юм.

Мөн энэ үеэр улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, үр хүүхэд ач зээ нараа зөв боловсон хүмүүжүүлсэн С.Дашдорж, Ш.Баатаржав, С.Очир, Б.Цэвээн, Ж.Өнөр, А.Батсүх, М.Сундуйжав, А.Сэтээр, Ү.Дашням нарыг “Буянтай аав”-аар өргөмжилж, шагнаж урамшууллаа.