Цаг үеийн мэдээ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛАН “ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол цэргийн өдөр, Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулсан ёслолын жагсаалыг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо.

Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав төрийн сүлдэт туганд хүндэтгэл үзүүлэн сүрт жагсаалаараа эгнэн жигдэрсэн цэрэг дайчид, офицер ахлагч нартай мэндчилэн, баяр хүргэж үг хэллээ.

Энэ үеэр Улс эх орноо Батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн амжилттай ажиллаж буй нэр бүхий офицер, алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшуулсаныг гардуулан өгч баяр хүргэв.

Мөн энэ сарын 13 ны өдөр зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн тасаг, хамт олны шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тэмцээний тэргүүн байранд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн 1-р тасаг, 2-р байранд Зэрэг сум дахь 325-р ангийн 332-р салбарын тасаг, 3-р байранд Үенч сумын хилийн цэргийн 0130-р ангийн тасаг тус тус шалгарчээ.

Ёслолын жагсаалын дараа Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлагч нарын салааны бүрэлдэхүүн “ЖАГСААЛ”-ын үзүүлэх тоглолтыг, хугацаат цэргийн алба хаагчдын салааны бүрэлдэхүүн “ГАРДАН БАЙЛДААН”-ы үзүүлэх тоглолт хийж сонирхууллаа.