Боловсрол, Эрүүл мэнд

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭНЭ

Монгол Улсын Засгийн газрын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран “Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны ур чадвар нэмэгдүүлэх дохионы хэлний сургалт”-ыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа.

3-р сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн тус сургалтад аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, ХХҮГ, ГБХЗХГ, Жаргалант сумын ЗДТГ зэрэг Төрийн болон Төрийн бус байгууллагуудын ажилчдын төлөөлөл 20 гаруй хүн хамрагдан, дохионы хэлний анхан шатны мэдлэг эзэмшсэн юм.

Сургалтын үеэр сургагч багшаар ажиллаж буй “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн дохионы хэлний багш, доктрант Б.Саранчимэгтэй Ховд аймгийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 20 гаруй хүн сайн дураараа хамтран ажиллалаа. Ховд аймгийн хэмжээнд 212 сонсголын бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний хувьд орон нутагт дохионы хэлний орчуулагч маш ховор учраас хэрэгцээт мэдээлэллээ олж авах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх зэргээр нийгмийн амьдралд ижил тэгш оролцон амьдрахад ихээхэн хүндрэлтэй байдаг талаар хэлж байна.

Ийнхүү ард иргэдтэй хамгийн ойр ажилладаг Төрийн үйлчилгээний албан хаагчид, ТББ-уудын ажилчид дохионы хэлний мэдлэгтэй болсноор аймгийнхаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх боломж бүрдэж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зүгээс нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг нь бүрдүүлэхэд ихээхэн чухал алхам болох тус сургалтыг зохион байгуулж байгаад сайшаалтай байгаагаа илэрхийлж байлаа.