Цаг үеийн мэдээ

Алтай сумын иргэн, мал зүйч З.Тоня Монгол улсын Малын гавьяат эмч цол хүртлээ

“Алтайн улаан” ямааны гол цөм сүрэг нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Анх 250 ямаа сонгон авч үржүүлж эхэлсэн бол өдгөө 120 000 орчимд хүрчээ. Ашиг шим өндөртэй“Алтайн улаан” ямааг үүлдрээр баталгаажуулахад санаачилга гарган ажилласан Ховд аймгийн Алтай сумын иргэн, мал зүйч Загдаагийн Тоня Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын “Малын гавьяат эмч” цол хүртлээ.

Тэрбээр Ховд аймгаас “Монгол улсын гавьяат” цол хүртэж буй хоёр дахь малын эмч болж байна. Гавьяатын шагналыг УИХ-ын гишүүн Ширнэнбандийн Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар нутагт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэлээ.

Хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлэх учиртай, жинхэнэ нүдээ олсон хүндтэй шагнал хэмээн Алтай нутгийнхан баяртай байна.

Тэрбээр 1972 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг төгсөж улмаар 1990 онд ХАА-н дээд сургуулийг төгсөн Мал зүйч мэргэжил эзэмшжээ. 1976 онд өөрийн төрсөн нутаг Алтай сумаас ажлын гараагаа эхэлж тэр цагаас хойш орон нутгийнхаа мал аж ахуйн салбарт 50-иад жил ажилласан байна. Түүний зорилго нь “Алтайн улаан” үүлдрийн ямааны цөм сүргийг үржүүлж говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах байв. Тийм  учраас 1976 онд анх 250 ямааг сонгон авч уйгагүй хөдөлмөрсний үр дүнд 2016 онд Алтайн улаан ямааг шинэ үүлдрээр баталгаажуулсан байна. Энэхүү амжилтыг нь төр үнэлж Монгол улсын гавьяат цол олголоо.

З.Тоня гуай мал эрүүл бол хүн эрүүл байна гэж үздэг. Цаашид “Алтайн улаан” ямаагаа илүү өсгөж эдийн засагт үр ашигтай, таваарлаг чанарыг нь алдагдуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг хэлж байв.