Цаг үеийн мэдээ

МАРИНА КАРАББИО ЧАНДМАНЬ, ДӨРГӨН СУМДАД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Караббио өөрийн улсын хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөллүүдийн хамтаар 7-р сарын 1-ний өдөр Чандмань, Дөргөн сумдад ажиллалаа.

Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын холбоо болон “Хас банк”-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн үр дүн, сумын Мал эмнэлэгийн тасагтай хамтран хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлэх төсөл”-ийн үйл үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцтай малчны хотонд очиж танилцсан юм.

Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон бэлчээр” хөтөлбөрт Чандмань сумын 90 гаруй малчин өрх хамрагдаж 7-17 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 1 хувийн хүүтэйгээр авчээ. Зээлд хамрагдсан малчид МАА-н түүхий эд бүтээгдэхүүнээрээ өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлж, хэсэг бүлгээрээ нэгдэн бэлчээрийн газрыг зөв зохистой ашиглаж тэжээлийн ургамал тариалсан байна.

Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн Дөргөн сумын малчдын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор байгуулсан “Мөнхийн буян өгөөж” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.