Ховд аймгийн Чандмань сумаас 7 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Сүлжээ багийн малчин П.Эрдэнэбилэгийн гэр бүл юм. Малчин П.Эрдэнэбилэг, түүний гэргий Д.Мөнхбаяр нарын “Аймгийн аварга малчин”-ны шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ гэр бүл 2 талын малч удамтай. 1995 онд гэр бүл болж, аав ээжээс өмч болгон өгсөн 200-д толгой малтай удам залган малчин болж байжээ. Тэр цагаас хойш мал сүргээ өсгөж өдгөө бог бод нийлсэн 4 төрлийн 2000-аад толгой малтай болж, буурлуудынхаа буян хишгийг арвижуулж явна.
Тэрбээр залуу малчдыг дэмжиж, малжуулах тал дээр анхаардаг. Залуу малчдын залгамж халааг таслахгүйн тулд 2-3 хүнийг байнгын туслах малчнаар авч ажиллуулдаг байна. Ингэхдээ сард нэг малыг 1000 төгрөгөөр үнэлж, урамшуулан, малжуулахаас гадна өөрийн арга туршлагаасаа зааж сургадаг гэлээ.