Цаг үеийн мэдээ

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД ЦАЛИНГИЙН ГҮЙЛГЭЭГ ЦАХИМААР ИЛГЭЭНЭ

Монгол улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.

Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах “Эрхийн бүртгэлийн сан систем” /www.finance.gov.mn/-ийг хөгжүүлэн, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулж амжилттай нэвтрүүлээд байна.

Ховд аймгийн төсөвт байгууллагуудын удирдах ажилтан, ерөнхий нягтлан бодогчдыг оролцуулсан сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Монгол улсын Сангийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Дэлхийн банк, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад 330 гаруй хүн оролцож байна.

Хоёр өдрийн сургалтын дараа төсөвт байгууллагууд эхний ээлжид ажилтан, алба хаагчдынхаа цалинг цахимаар илгээдэг болно. Цаашид төрийн сангийн бүх гүйлгээг цахимжуулна гэж Сангийн яамны Төрийн сангийн газрын зөвлөх Б.Алтанзул ярилаа.