Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл Ховд аймагт ажиллалаа

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б. Дүгэржав НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид болон Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид, хөтөлбөрийн мэргэжилтнүүд Ховд аймагт ажилласан ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар ярилцаж, санал солилцсон юм.

Ховд аймагт Түр хамгаалах байр нь 2020 оны 11 дүгээр сард байгуулагдаж өнөөг хүртэл 100 хүнд үйлчилгээ үзүүлжээ. Энэхүү төв нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сан болон МУЗГ хамтрах хэрэгжүүлж байгаа “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны хүрээнд шалгарч, үйлчилгээний чанар хүртээмжээ улам сайжруулжээ. НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс Түр хамгаалах байр нь Монгол улсад жишиг болохуйц сайн, үр дүнтэй ажиллаж байгааг онцоллоо.

Мөн “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Эх, хүүхдийн эрүүл мэнд”-ийн асуудалд аймаг болоод эрүүл мэндийн шат шатны байгууллагууд анхаарч, сайн ажиллаж байгаад талархаж, цаашид  энэхүү асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэн,  хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Мөн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж сумдад тус төвийг нээх боломж, бололцооны талаар аймгийн  Засаг дарга Б. Дүгэржавтай санал солилцсон юм.