Цаг үеийн мэдээ

МХҮХ-ноос холбооноос орон нутгийн салбарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хөдөө орон нутгийн салбарыг чадавхжуулах, харааны бэрхшээлтэй иргэдийн тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой хэрхэн хамтран шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг сургалтыг энэ сарын 23, 24-ны өдөр зохион байгуулж байна.

Сургалтад МХҮХ-ны Ерөнхийлөгч Д. Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг,  Ховд аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, сумдын харааны бэрхшээлтэй иргэд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон төр захиргааны байгууллагын нийгмийн ажилтан халамжийн мэргэжилтнүүд оролцлоо.

Эхний өдрийн сургалтаар харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэх боломжийн талаар санал солилцсон юм. Харин хоёр дахь өдрийн сургалтаар МХҮХ-ны үйл ажиллагааг танилцуулж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын хамтарсан баг аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар хэлэлцэж, харааны бэрхшээлтэй иргэдээс гарч буй санал санаачилгыг цаашид бодлого үйл ажиллагаатай хэрхэн уялдуулж, хамтран шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2900 гаруй иргэн байдгаас харааны бэрхшээлтэй 300 орчим иргэн байна. Цаашид эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлага, тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж бололцоог бүрдүүлэх нь энэхүү сургалтын гол зорилго хэмээн албаныхан онцоллоо.