Цаг үеийн мэдээ

50 ГАРУЙ ХАРВААЧ БАГИЙН БОЛОН ЦУВАА ХАРВААНЫ ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Энэ жилийн наадмын шагайн харвааны тэмцээнд 50 орчим харваач оролцож байна. Тэд ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилтын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.

Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваач бий. Үүнээс энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын хүндэт харваач 8, аймгийн гоц мэргэн15, аймгийн мэргэн 4, аймгийн дэд мэргэн 2, залуу харваач 20 гаруй оролцож байгаагаас хамгийн ахмад харваач нь 78 настай, хамгийн залуу оролцогч нь 14 настай байлаа.

Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 2014 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэсэн.

Харин Ховд аймагт шагайн харваачид 2004 оноос эхлэн нэгдсэн зохион байгуулалтад орж, Жаргалант сумаас гадна Эрдэнэбүрэн, Манхан суманд Шагайн харвааны холбоо байгуулан, орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.