Цаг үеийн мэдээ

“ХАЙРТАЙ” ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, зөв хүмүүжил төлөвшил олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачлан зохион байгуулж буй “Хайртай” аяны ажлын хэсэг энэ сарын 25, 26-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Аяны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 7-р сарын 25-ны өдөр “Та Монгол ээж” ТББ-ын тэргүүн Ц.Наранханд эцэг, эхчүүдэд зориулан “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекц, сургалт явууллаа.

Сургалтаар үр хүүхдээ бага балчраас нь эрүүл биетэй, саруул ухаантай, зөв хүмүүжилтэй хувь хүн болж төлөвшихөд нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн анхаарах зүйлс, “Эх үрийн судар”, “Үрийг хүмүнжүүлэх судар”, “Эхнэр хүмүний хөтөч дэвтэр”, “Охид хөвгүүдийн судар”-уудад өгүүлсэн Монголчуудын эрт цагаас баримталж, хэрэгжүүлж ирсэн хүүхэд хүмүүжүүлэх арга ухааны талаарх олон талт мэдээллүүдийг хүргэсэн юм.

Харин өнөөдөр “Хурд” хамтлагийнхан аймаг, орон нутагтаа ажиллаж, амьдарч буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчидтай “Эх орны ноён нуруу” сэвдийн дор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үргэлжлүүлэн 15-25 насны хөвгүүд, залуучуудтай эх орон, гэр бүл, зорилготой амьдралын үнэ цэнэ, тэдгээрийг хайрлах сэтгэл, хамгаалах үүрэг хариуцлагыг ухамсарлах ухаан, хүмүүжил төлөвшлийн талаар чин сэтгэлийн яриа өрнүүлсэн “Хөвгүүдийн уулзалт” хийсэн юм.

“Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе” уриатай 25 жилийн түүхт “Хурд” хамтлагийн “Хайртай” аяны соён гэгээрлийн үйл ажиллагаа өнөөдөр орой 19:00 цагаас Ард Аюушийн талбайд болох “Эх орны хийморь” тоглолтоор өндөрлөнө.