Цаг үеийн мэдээ

БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЧАНАРТ АНХААРЧ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

2019 онд Ховд аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 114 барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Орон нутагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын чанарт анхаарч, хяналтыг сайжруулж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга захирамж гарган хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан.

Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан тус ажлын хэсэгт дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдээс гадна аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн гавьяат барилгачин Р.Цэдэнбал, Р.Сандуйжав, ахмад барилгачин Г.Цогтдэлгэр, Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Б.Амаржаргал зэрэг туршлагатай барилгачид ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу сумдад ажиллаж эхэллээ. Хяналт шалгалтын ажлын хүрээнд сум тус бүрт баригдаж буй барилгын ажлын эхлэх зөвшөөрөл, талбайн хяналтын инженерийн үйл ажиллагаа, стандартын шаардлага хангасан материал ашиглаж, барилга угсралтын ажлыг чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг шалгаж, гарсан зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллах юм.