Цаг үеийн мэдээ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Харин Ховд аймгийн хэмжээнд 20 гаруй байгууллага иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Эдгээр байгууллагуудын үйлчилгээг зохицуулж, хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг 7 сарын 30, 31-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Даатгал, Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаасны компаниудтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр дээрхи байгууллагууд иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хэрхэн харилцан ашигтайгаар хамтран ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн тус ажлын хэсгийнхэн Ховд аймгийн Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, иргэдэд зориулан даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.