Хөдөө аж ахуй, байгаль экологи

ГАЗАР ХӨДЛӨЛТ IV-V БАЛЛААР МЭДРЭГДСЭН БАЙНА

2019 оны 03 сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 14 цаг 12 минутад Ховд аймгийн төвөөс зүүн урд зүгт 37 км-ийн зайд магнитуд нь M=3,8-тай газар хөдлөлт болсон. Тус хөдлөлт нь Ховд аймгийн төвөөс 37 км, Манхан сумаас 42 км, Зэрэг сумаас 99 км, Дуут сумаас 32 км, Мянгад сумаас 56 км, Буянт сумаас 51 км, Ховд сумаас 57 км, Чандмань сумаас 70 км, зайд Буянт сумын Цагаан бургас багийн нутаг Ямаат улаан уулын орчимд болсон байна.

Газар хөдлөлт өдрийн цагаар болсон учраас иргэд нэлээд мэдэрсэн байна. Аймгийн төвийн болон зэргэлдээх сумдын иргэдээс мэдээлэл цуглуулахад аймгийн төв, Эрдэнэбүрэн, Ховд сумдад илүү мэдрэгджээ.

Иргэдийн ихэнх нь хүнгэнэсэн дуу гарсан, гэр чахран дуугарч, яндан зуух харших, зарим нэг хүмүүс дотор муухайрах зэргээр мэдрэгдсэн гэжээ. Үүнээс үзэхэд аймгийн төвийн иргэдэд Газар хөдлөлт IV-V баллаар мэдрэгдсэн байна. Харин газар хөдлөлтийн улмаас байшин барилгад ямар нэгэн цууралт, гэмтэл үүсгээгүй байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд аймаг дахь салбараас мэдээллээ.