Боловсрол, Эрүүл мэнд

АМЕРИКТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНООС АХЛАХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

АНУ-ын Элчин сайдын яамнаас МАSА буюу Америкт төгсөгчдийн холбоотой хамтран 3-р сарын 27-ны өдөр АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон мэргэжил сонголтын талаар Ховд аймгийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчидтай чөлөөт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески оролцож, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ 2019 оныг Монгол Америкийн залуучуудын хөгжлийн жил болгосныг онцлон тэмдэглээд, энэ хүрээнд оюутан, сурагчид, залуусын дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн АНУ-д Олон Улсын харилцаа, Хүний нөөц, Сэтгэл судлал, Санхүү, Бизнес, Геологи, Багш зэрэг мэргэжлүүдээр суралцаж төгссөн залуус ахлах ангийн 200 орчим сурагчдад АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон солилцооны хөтөлбөрийн үндсэн шаардлага, сонгон шалгаруулалтын явц, эссэ бичихдээ юуг анхаарах талаар зөвлөгөө өглөө.

Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас Яамны бүрэн тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх нэг жилийн Хюберт Хамфри хөтөлбөр, магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр, ЕБС-ийн 9-11 ангийн сурагчдад АНУ-д бүрэн тэтгэлэгтэйгээр нэг жил суралцах боломжийг олгодог ФЛЕКС зэрэг боловсрол, соёлын хөтөлбөрүүдийн талаар сурагчдад мэдээлэл өгсөн юм.