Цаг үеийн мэдээ

ГАНДАНПУНЦАГЧОЙЛИН ХИЙДЭД 18 МЕТР ӨНДӨР “МАЙДАР” БУРХАН ЗАЛЛАА

Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслолын ажиллагааг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, Ганданпунцагчойлин хийд, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр дээдийн номын багш Жадо Рэнбүүчи болон Ганданпунцагчойлин хийдийн лам хуваргууд сүсэгтэн олонд зориулан ном айлдаж, Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолт сонирхуулав.

 

Намрын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр хүндэтгэн залж буй Майдар бурханы зураг дизайныг зураач Д.Баяр гаргаж, “Боржин суварга” ХХК бүтээсэн байна.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Алтан Майдар” төслийн ерөнхий зохицуулагч, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй төр засгийн удирдлагууд болон Ховд аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.