Цаг үеийн мэдээ

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээ зохион байгуулав

Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм.

ХХҮГ-т идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн 60 орчим хувь нь залуучууд. Тиймээс залуучуудад гарааны бизнес эхлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, шилдэг бизнес санааг шалгаруулах, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

“Ховд аймгийн Олон ястан залуучууд”-ын фестивалийн үеэр 37 багийн 200 орчим залуучуудыг оролцуулан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” сургалт зохион байгууллаа.

Тэд өөрсдийн шинэхэн бизнес санааны төсөл, түүнийг хөгжүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар нээлттэй танилцуулж, хамтдаа хэлэлцсэн юм. Улмаар шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан үзэж таван шилдэг гарааны бизнесийг шалгаруулан эрхийн бичиг гардууллаа. Тухайлбал, “Фото студийн үйлчилгээ”, “Модон эдлэл үйлдвэрлэл”, “Жимс, хүнсний ногоо боловсруулах цехийн үйлдвэрлэл”, “Ховд хутга үйлдвэрлэл”, “Махны үйлдвэрлэл” гэсэн таван бизнес төсөл шалгарч, “БАТЛАМЖ” -аа гардан авлаа.