Бүтээн байгуулалт

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтад орсон. 90-100 МВт-ын хүчин чадалтай тус станцыг 288,5 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөр барихаар Монгол улсын Засгийн газраас баталсан юм.

Тиймээс 2007 онд боловсруулсан ТЭЗҮ-г дахин боловсруулахаар “Эрчим хүчний яамны харьяа Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн нэгж”-ийн болон Хятадын талын хариуцагч компанийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, судалгаа хийхээр Ховд аймагт хүрэлцэн ирээд байна.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд дээрх ажлын хэсгийнхнийг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар ТЭЗҮ боловсруулах үйл явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж харилцан санал солилцлоо.

2019 оны намар гэхэд ТЭЗҮ боловсруулж дуусгах ба төсөв хөрөнгийг гүйцэтгэгч компани хариуцаж байгаа юм. Монгол улсын Засгийн газраас 2020 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар төслийн нэгжийн удирдагч Ж.Лувсандандар хэлсэн үгэндээ онцоллоо.