Соёл урлаг, спорт

ТУУЛЬЧ, ЦУУРЧДЫН УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН БОЛЛОО

Энэ сарын 13-16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд Туульч, цуурчдын Улсын хоёрдугаар уралдааныг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд Юнескогийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн байна. Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан бол энэ онд ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.


Монгол Улсын төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туульчдын улсын II-р уралдаанд оролцогчид эхний шатанд “Алтайн магтаал” хайлж, хоёрдугаар шатанд “Наран хөвүүн хаан” туулийг хайллаа.

Харин нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурчдын Улсын уралдаанд оролцогчид “Уул усны цуурай”, “Ээвин голын урсгал”, “Хур шувууны дуудлага”, “Алтайн магтаал”, “Балчин хээрийн явдал”, “Хангайн буга” зэрэг уламжлалт аялгуунуудыг эгшиглүүлж, ур чадвараараа сорин өрсөлдсөн юм.