Соёл урлаг, спорт

“ХОВД-2019” ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 02-09-ний өдөр Ховд аймагт болж байна.
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, БТСГ, аймгийн Волейболын холбоо хамтран Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд өнөөдөр эрэгтэй багуудын тоглолт Хэнтий-Ховд аймаг, эмэгтэй багуудын тоглолт Говь-Алтай-Хөвсгөл аймгаар тус тус эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган, Дархан-Уул, Орхон, Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин спорт хороо, Эрчим-38 клуб зэрэг 31 багийн 370 гаруй тамирчин, багш дасгалжуулагчийн хамтаар оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд Ховд аймгаас Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид, ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид оролцож байна.

Ховд аймгийн баг тамирчид энэ спортоор багагүй амжилт гаргаж байсан түүх бий. Хамгийн сүүлд 2001 онд Д.Баярболд дасгалжуулагчтай, Г.Номин ахлагчтай эмэгтэй баг тамирчид сонгон шалгаруулах буюу бүсийн тэмцээнээс хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Тэр цагаас хойш 18 жил тасраад байгаа амжилтыг энэ удаагийн тэмцээнээр үргэлжлүүлэхийн төлөө баг тамирчид хөдөлмөрлөж, нутгийн зон олон итгэл тавьж байна. Юутай ч өнөөдөр Ховд аймгийн эрэгтэй баг тамирчид тэмцээний салхийг хагалж Хэнтий аймгийн багтай тоглон анхны хожлоо авлаа.