Цаг үеийн мэдээ

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2019” САРЫН АЯН ӨРНҮҮЛНЭ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг зохион байгуулж байгаа бол Ховд аймаг “Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ийн НБХ-ийн дарга Б.Даваадоржоор ахлуулсан, ХХҮГ, НДХ, МХГ, МСҮТ, ГХБХБГ, ХАБЭА-н зөвлөлийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж, аяны хүрээнд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцов.

“Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор 4-р сарын 1-нээс эхлэн сарын хугацаанд зохион байгуулах аяны хүрээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа явуулах зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.