Хөдөө аж ахуй, байгаль экологи

9-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН, ЭЦЭГ ЭХЧҮҮД БУЯНТ БАГИЙН 24 ГУДАМЖИНД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Аймгийн БСУГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хоггүй орчин-Ногоон ирээдүй” аяны хүрээнд Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд хамтран Буянт голын ай сав газрыг хоггүй, цэвэр цэмцгэр байлгах үүднээс 4-р сарын 3-ны өдөр Буянт багийн нийтийн эзэмшлийн 24 гудамж, талбайд нийтийн цэвэрлэгээний ажил өрнүүлж байна.

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг иргэн бүрт төлөвшүүлэх, хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус цэвэрлэгээний ажилд 9-р цэцэрлэгийн хамт олон болон эцэг эхчүүдийн төлөөлөл 30 хүн оролцож байгаа юм. Тус хамт олны зүгээс Буянт багт оршин суугаа иргэн бүрийг хоггүй цэвэр цэмцгэр орчныг бий болгоход хувь нэмрээ оруулан, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа хамтдаа цэвэрлэхийг уриалж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад төсвөөс хөрөнгө, мөнгө гаргуулаагүй бөгөөд багш, ажилчдын болон эцэг эхчүүдийн санаачлагаар санхүүгийн асуудлаа шийдвэрлэн, 10 машин хөлслөн авч ажиллуулж байгаа юм.