Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН НДХ-ИЙН ХАМТ ОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЯВУУЛЫН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг 2018-2021 онд соёлтой төрийн үйлчилгээтэй, авилга хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бол Нийгмийн даатгалын салбарынхан “Танд ойрхон найрсаг үйлчилгээ” уриалга гарган ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн НДХ-ийн ажилчид 4-р сарын 3, 4-ний өдрүүдэд явуулын үйлчилгээгээр Жаргалант сумын иргэдэд нийгмийн даатгалын багц үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэн ажиллалаа.

Дээрхи 2 өдрийн хугацаанд НДХ-ийн хамт олон Цамбагарав багийн Өөлдийн хороолол, Малчны хороолол, Буянт багийн 10 мянгат, Бичигт багийн Малчны улаан, Хайрхан багийн Тоглоомтой гудамж зэрэг газруудад хүрч очин, ажилласан байна. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, эрүүл мэндийн дэвтэр олгох зэрэг төрөлжсөн үйлчилгээг иргэдэд үзүүлж, хэрэгцээт мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь хүлээн авчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 700 гаруй албан байгууллага, ААН-ийн 16000 гаруй албан журмын даатгуулагч, сайн дурын 5000 орчим даатгуулагч, эрүүл мэндийн даатгал төлдөг 12274, тэтгэвэр авч буй 10000 гаруй иргэн даатгалын үйлчилгээг хүртэж байна.

Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг талаар даатгалын байцаагчид хэлж байлаа. Тэгвэл ийнхүү “Нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчлэх нь төрийн үйлчилгээг хялбаршуулсан, үр дүнтэй ажил болж байна” хэмээн иргэд үйлчлүүлэгчид сайшааж байсан юм.