Хөдөө аж ахуй, байгаль экологи

ХОВДЧУУД 10000 МОД ТАРЬЖ “ОЛОН ЯСТНЫ УГТАХ ХААЛГА”-АА БҮТЭЭНЭ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэргэдэх Залуучуудын зөвлөл, гэрээт жолооч нар хамтран “Түмэн модот хаалга” ТББ байгуулж, 2021 он гэхэд Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор 10 мянган модтой “Олон ястны угтах хаалга”-ыг бий болгох санаачлага өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “10 мянган мод” төслийн танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын СТСХ-ийн дарга Ч.Багдал болон байгаль орчны салбар байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа эрдэмтэн докторууд, нутгийн зөвлөл, иргэд хөдөлмөрчид оролцов.


Уулзалтын хүрээнд “10 мянган мод” төслийн зорилго, зорилт, 2018, 2019 онд хийсэн ажлын үр дүн, иргэд, олон нийтийн өгсөн хандивын орлого, зарлагын тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо.

Байгаль цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нэмэгдэж байгаа энэ цаг үед мод тарих, ногоон байгууламж бий болгох асуудал нэн чухал. Тиймээс иргэн бүр энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцож, 18 мянган төгрөг хандивласнаар 3 жилийн дараа Ховд хот ногоон үүд хаалгатай болох бүрэн боломжтой гэж зохион байгуулагчид хэллээ.