Хөдөө аж ахуй, байгаль экологи

“ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Дэлхий зөн ба Мерси Кор ОУБ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран аймгийн “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулах, 2019 оны газар тариалангийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтыг тодорхойлох, газар тариалан эрхлэгчдэд салбарын хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл хүргэхэд зөвлөгөөний зорилго чиглэж байсан юм. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн болон 17 сумын удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож, санал солилцлоо.

Энэ онд аймаг орон нутгаас газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Уламжлалт газар тариалангийн үйлдвэрлэл ба жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэл хийх, услалтын системүүдийг сэргээх, шинээр байгуулах ажлыг эхлүүлэх, хадлангийн механикжсан салаа байгуулах, хүлэмжийн аж ахуй байгуулахаар зорьж байна.