Хөдөө аж ахуй, байгаль экологи

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛИЙГ ХОВД АЙМГИЙН 17 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”(KFW) төслийн 2-р үе шатыг 2018 оноос эхлэн 5 жилийн хугацаанд Баруун бүсийн аймгуудын 3 кластер бүс нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Харин УИХ-ын С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар “Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Алтайн салбар уулсын мөсөн гол хайлж, голын ус ихдэх, тал хээр нутаг цөлжиж биологийн төрөл зүйлүүд устаж үгүй болох, идэш тэжээлийн хомсдолд орох зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тус төслийг Цамбагарав, Алтанхөхий уулын байгалийн нөөц газар, Хар Ус нуурын тусгай хамгаалалттай газар,  Алтайн даваанаас цааших говийн их дархан цаазат газар орчмын бүс нутагт хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа”-г төслийн багийнханд уламжлан, хүсэлт илгээсэн байна. Үүний дагуу БОАЖЯ, төслийн багийнхан судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр дээрхи бүс нутгуудад 4-р кластрыг нээж, төслийг өргөтгөн хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр Ховд аймгийн 17 сум тус төсөлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан КFW төслийн багийнхан, аймгийн Хар Ус нуур орчмын УТХГНХ-ын захиргаа, ЗДТГ-ын ХОХБТХ хамтран 4-р кластер бүс нутгийн зөвлөлийн гишүүд болох Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн 12 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль орчны байцаагч, нөхөрлөлийн төлөөлөл 60 гаруй хүнийг хамруулсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулж байна.

4-р сарын 8-10-ны өдрүүдэд үргэлжлэх тус зөвлөгөөн, сургалтаар 4-р кластрын хил хязгаарыг нарийвчлан тогтоох, оролцогч талууд хамтран төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Байгаль хамгаалах үйл ажиллагаанаас гадна тухайн бүс нутгийн ард иргэдийн байгаль орчинтойгоо дасан зохицох, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалуулах замаар амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төсөл нь 1 кластертаа 3 сая орчим евро буюу 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.