Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУМДАД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 4-р сарын 10-18-ны өдрүүдэд 17 сумын ард иргэдэд төрөөс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, тэдний санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч, зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Булган суманд ажиллаж байгаа бол ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллаж байна.

Буянт сум нь 3700 гаруй хүн амтай, 912 өрхтэй. Эдгээрээс 350 орчим өрх нь газар тариалангийн салбарт ажиллаж хөдөлмөрлөн, 2018 онд 20 мянган тонн төмс, хүнсний ногоо, 10 мянган тонн хадлан бэлтгэсэн байна.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний эхэнд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, ажлын хэсгийн ахлагч Д.Энхболд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэргэжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр иргэдийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, чанарын шаардлага хангасан халуун усны барилга барих, байгаль хамгаалал, газар эзэмшилтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг ажлын хэсгийнхэнд уламжиллаа.

Үүний дараагаар ЭМГ, МЭГ, ГХБХБГ, ХХҮГ, ХХААГ, УБХ, НДХ, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөгжил политехник коллежийн удирдлага, төлөөллүүд болон ТА-3 төслийн зохицуулагч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд хэрэгцээт мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ Буянт сумын төрийн байгууллагуудын 130 албан хаагчтай хийх уулзалт, ёс зүйн сургалт, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмаар танин мэдэхүйн АХА тэмцээнээр үргэлжилнэ.