Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгон зарласан. Тэгвэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “СОЁЛТОЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-АВЛИГА ХҮНД СУРТАЛГҮЙ АЙМАГ” болох зорилт дэвшүүлж “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас хөдөөгийн ард иргэдэд төр, засгийн мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдол, эрэлт хүсэлтийг нь хүлээн авч, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг баруун, зүүн гэсэн 2 чиглэлд энэ сарын 10-18 хүртэлх хугацаанд ажиллах ба аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Булган сумаас томилолтоо эхэллээ.

Ажлын хэсэг өнөөдөр тус суманд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөгжил Политехник коллеж, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд үндсэн чиг үүргийнхээ дагуу тус сумын иргэд, хөдөлмөрчдөд мэдээ, мэдээлэл өгч, зарим үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Ажлын хэсэг давхардсан тоогоор нийтдээ 1083 иргэнд үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллажээ.

Мөн аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав тус сумын иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзалт хийж аймгийн Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, иргэдтэй санал солилцон ажиллав.