Цаг үеийн мэдээ

ҮЕНЧ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАВ



Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн зөрүү, халамжийн үйлчилгээ, Иргэний бичиг баримтын зөрчил, гадаад дотоод паспорт захиалах, зураг авахуулах асуудлаар алслагдсан сум, багийн иргэд цаг зав, зардал чирэгдэл гарган байж аймгийн төвийг зорих шаардлага гардаг. Тэгвэл энэ төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, төрийн мэдээллийг хүргэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран хөдөөгийн 17 суманд ажиллаж, “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”, “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийн хүрээнд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулж байна.


Өнөөдөр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Үенч суманд ажиллалаа.

Ажлын хэсэг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Уулзалтад оролцсон иргэд аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултаа асууж хариултаа авч эмнэлэг, эмийн сангийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, газар тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг санал болголоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөгжил Политехник коллеж, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд үндсэн чиг үүргийнхээ дагуу тус сумын иргэд, хөдөлмөрчдөд мэдээ, мэдээлэл өгч, зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажилласан юм.

Алслагдсан сумдын иргэдийн хувьд тэр бүр аймгийн төв яваад байх боломжгүй учраас орон нутагт “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн арга хэмжээг зохион байгуулж төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаад тус сумын иргэд талархалтай байна. Цаашид энэ үйл ажиллагааг тогтмолжуулж жилдээ 1-2 удаа зохион байгуулж байх саналыг ч гаргаж байлаа.