Цаг үеийн мэдээ

АЛТАЙ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”, ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Алтай суманд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн 9 байгууллагын ажилтан, албан хаагчид үндсэн чиг үүргийнхээ дагуу үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. Дараагаар нь тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан иргэд асуулт асууж, санал гаргасан юм.

Алтай сумын иргэд сургууль цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн анги танхимын ширээ сандлыг шинэчлэх асуудалд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эм тарианы хангамж хүрэлцээг нэмэгдүүлэхээс гадна зарим тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай. Тухайлбал,Сумын эрүүл мэндийн төв нь нярайн шарлагын аппаратгүй учраас дөнгөж төрсөн эх, нярай аймаг орж эмчлүүлж байгаа нь чирэгдэл учруулж байна гэлээ.

Иргэдийн асуултад мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнууд болон аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тодорхой хариулт өглөө. Энэ үеэр аймгийн Засаг дарга сумын ахмадын хороонд дэмжлэг үзүүлэх, сургуулийн нэг ангийн ширээ сандлыг шинэчлэх, Эрүүл мэндийн төвийг нярайн шарлагын аппараттай болгох зэрэг хэд хэдэн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээ илэрхийллээ.

Бодончийн хавцлын авто замын эвдрэл, гэмтэл Алтай сумын иргэдийн санааг хамгийн ихээр зовоож байна. Алслагдсан сумын иргэдийн ажил амьдралд чухал ач холбогдлоо өгч буй авто замаа урт удаан хугацаанд ашиглахын тулд хайрлан, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байна. Учир нь Увс аймгийн Наранбулаг сумаас “ХҮДЭР” тээвэрлэж буй том оврын автомашинууд даац хэтрүүлэн ялангуяа шөнийн цагаар тээвэр хийж байгаа нь замыг эвдэж байгаа нэг гол шалтгаан болж байна гэж үзэж байна. Зөвшөөрөгдсөн даацад тохируулан тээвэрлэж болох ч мэргэжлийн байгууллагуудын хяналт, шалгалтыг өндөржүүлж, анхаарч ажиллахаа аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ онцоллоо.

Уулзалтын төгсгөлд нэр бүхий ахмадуудыг аймгийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр, Төрийн үйлчилгээний байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй нэр бүхий төрийн албан хаагчдыг аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” –өөр шагнаж урамшууллаа.