Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ 4-Р САРЫН 12-НЫ ӨДӨР МЯНГАД СУМАНД АЖИЛЛАЖ, 507 ИРГЭНД 52 ТӨРЛИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ  хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 4-р сарын 10-18-ны өдрүүдэд 17 сумын ард иргэдэд төрөөс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонсон, хүсэлтийг нь хүлээн авч, зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 4-р сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Алтай суманд ажиллаж байгаа бол ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Мянгад суманд ажиллалаа.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний эхэнд ажлын хэсгийнхэн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Үүний дараагаар ажлын хэсгийн ахлагч Д.Энхболд бүх шатны төрийн албан хаагчидтай уулзаж шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль, тус хуулийн хүрээнд батлагдсан дүрэм журмыг төрийн албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэл өглөө.

Мянгад сум МАА-н 4 багтай. 636 малчин өрхтэй. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 235549 толгой мал тоолуулсан байна.

2019 онд Ховд аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсвийн 64,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс Мянгад суманд энэ онд 150 хүүхдийн цэцэрлэг, спорт заал, Чацарганат багт 3,5 км зам засварын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Мөн Дэлхийн банкны 25 сая долларын санхүүжилтээр Нарны эрчим хүчний 10 мВт-ын цахилгаан станцын ажил өрнөх юм. Одоогоор станцын барилга барих газарт байсан хогийг “Зөөлөн тэмүүлэл” ХХК-иар татан зайлуулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд ирэх 7-р сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа талаар сумын удирдлагууд хэлж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-өөр ажлын хэсгийнхэн сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хэрэгжилтийн явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр түргэн шуурхай үзүүлэн ажиллалаа.