Цаг үеийн мэдээ

ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛАН АЖИЛЛАВ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 17 сумын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнөөдөр буюу 4-р сарын 14-ний өдөр аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, 271 иргэнд газар дээр нь үйлчилгээ үзүүлж, 299 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 15 иргэний санал хүсэлтийг хүлээн авч нийт 44 төрлийн үйлчилгээгээр 585 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн юм.

2019 онд Чандмань суманд Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөрийн байгууллагын санхүүжилтээр нийт 1,4 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ховд аймгийн Чандмань сум нь 2942 хүн ам 715 өрхтэй. Хүн амын амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд Чандмань сумын нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрснээс өвс ногооны гарц муудаж, ган зудын эрсдэлт нөхцөл байдал үүсэн малын хорогдол их гарсан талаар сумын Мал эмнэлэгийн мэргэжилтнүүд хэлж байна.

2018 оны жилийн эцсийн мал тооллогоор тус сум 208 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 106,6 мянган толгой төллөх малын 60 хувь нь төллөж, 58600 гаруй төл бойжуулжээ. Одоогийн байдлаар 14324 төл мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Ховд аймгийн зүүн бүсийн сумдаар “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж буй төрийн албан хаагчид Чандмань сумын иргэдэд нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, иргэний болон эд хөрөнгийн бүртгэл, газрын харилцаа, хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй зэрэг ард иргэдэд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг төрөл бүрээр нь газар дээр түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаад иргэд хөдөлмөрчид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн энэ үеэр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчидтай хамтран иргэдийн жин өндөр хэмжиж, артерын даралт үзэх, BC вирусын болон сахарын шинжилгээ авах зэрэг эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Тус арга хэмжээний төгсгөлд аймгийн ТАСЗ-ын дарга Д.Энхболд сумын 137 төрийн албан хаагчтай уулзаж, Төрийн албаны тухай шинэ хууль, холбогдох дүрэм, журам, ёс зүй, харилцаа, хандлагын талаар сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өгөв.