Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН 654 ИРГЭНД 45 ТӨРЛИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгосон бол 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, Төрийн албаны эрх зүйн шинэчлэлийг хийж байна.

Энэ хүрээнд 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс Төрийн албаны тухай шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Харин Ховд аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, төрийн албан хаагчдыг чадавхжуулан, авилга хүнд сурталгүй аймаг болох зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймгийнхаа 16 сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, төрийн үйлчилгээг ойртуулан хүргэж ажиллалаа. Ховд аймгийн Зүүн бүсийн сумдад томилолтоор ажилласан аймгийн ЗДТГ-ын дарга, ЭМГ, МЭГ-ын дарга нарын тэргүүтэй албан байгууллагуудын төлөөлүүдээс бүрдсэн ажлын хэсэг 4-р сарын 17-ны өдөр Эрдэнэбүрэн суманд ажиллаж “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулсан юм.

Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын 249 иргэнд газар дээр нь үйлчилгээ үзүүлж, 384 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 21 хүний санал гомдал хүсэлтийг хүлээн авч, нийтдээ 654 иргэнд 45 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Эрдэнэбүрэн сумын хувьд 2019 оныг Ногоон хөгжлийг дэмжих жил болгон иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу сумынхаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан ажиллаж байгаа талаар сумын иргэд хөдөлмөрчид хэлж байлаа. Тус суманд 2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Ийнхүү аймгийнхаа зүүн бүсийн сумдад ажиллаж буй ажлын хэсгийнхний томилолт Эрдэнэбүрэн суманд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээгээр өндөрлөв.