МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү баярыг тохиолдуулан ойг зохион байгуулах хороо, салбарын сайдын тушаалаар Монгол улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа офицер, ахлагч, чөлөөнд байгаа бэлтгэл офицер, ахмадууд болон Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буй ажилтан, алба хаагчдыг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнажээ.

Ховд аймгаас ахмад дайчин Е.Магнай, Б.Шилэг, Б.Идэш, А.Ням-Очир, Ц.Баярсайхан нарын 20 гаруй хүн шагнагдсан бөгөөд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнуулсан нэр бүхий хүмүүсийн шагналыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулж баяр хүргэлээ.