Боловсрол, Эрүүл мэнд

“АВЬЯАС ХӨГЖҮҮЛЭГЧ СУРГУУЛЬ” ФЕСТИВАЛЬ БОЛЛОО

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа. Энэхүү фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцлоо.

Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль нийт 8649 сурагчтай. Эдгээр сурагчийн 77.6 хувь буюу 6712 сурагч нь “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивальд оролцсон байна. Тэд хэмнэл сонсгол, хөдөлгөөн тэнцвэр, хэл өгүүлэхүй, логик харилцаа, хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас гэсэн 5 чиглэлээр энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ, авьяас, ур чадвараа хэрхэн хөгжүүлснээ тайлагнасан юм.

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивалийн үеэр сургууль бүр өөр өөрийн онцлог, давуу тал, сурагчдын хөгжил, төлөвшил, ур чадварыг харуулсан шүлэг, дуу, бүжгийн үзүүлбэр толилуулж, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, уран зураг, гар урлал, технологийн үззсгэлэн гаргаж олны хүртээл болголоо. Ингэснээр хүүхэд бүр авьяас, ур чадвараа нээн илрүүлж, хөгжүүлэх боломж бүрдсэн төдийгүй хамт олонч сэтгэлгээ, хандлага, төлөвшилд суралцах нэгэн шинэ алхам болж байгааг сургуулийн төлөөллүүд онцолж байлаа.

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивальд хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцож байгаа. Сумын сургуулиудын хувьд бичлэг хийж уралдаан зохион байгуулж байгаа ажлын хэсэгт ирүүлснээр нэгдсэн дүнг гаргах юм. Энэхүү уралдааны төрөл тус бүрд 1, нийлбэр дүнгээр 1-3 дугаар байр шалгаруулах ба Жаргалант сумын 7 сургууль болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус тусад нь дүгнэх ажээ.