МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өгөх зорилгоор зохион байгуулдаг “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн” өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнуудын 70 гаруй хувь оролцлоо. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд удирдан явуулж Засаг дарга Б.Дүгэржав өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгсөн юм.

Зөвлөгөөний эхэнд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ш.Арстан, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын захирал Т.Баатарзориг, “Ховд дулааны станц” ОНӨҮГ-ын захирал Д.Энхсайхан, “Бадамлах дөл” ХХК-ийн захирал С.Сурмаажав нар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгийн Засаг даргын албан даалгаварын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК өвөлжилтийн бэлтгэлийг 95 хувьтай, “Шим-Ус” ОНӨААТҮГ 64 хувьтай, “Ховд дулааны станц” ОНӨҮГ 85 хувьтай, “Бадамлах дөл” ХХК 70 гаруй хувьтай хангасан байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Бадамлах дөл” ХХК 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 км урт гол магистраль шугамаа шинэчлэх ажлыг хийж байна. Үүний үр дүнд халаалт, дулаан өмнөх жилүүдээс эрс сайжирна гэж компанийн зүгээс үзэж байна. Хамгийн гол нь эцсийн хэрэглэгчид байр, орон сууцныхаа хаалга цонхыг сайтар дулаалж, дулаан алдалтыг багасгахад санаачлага гаргах хэрэгтэйг анхааруулсан юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр Эсбагийн 9 давхар 2 орон сууц буюу 160 айлын халаалт дулааны асуудлыг хөндөн ярилцав. “Бадамлах дөл” ХХК-ийн зүгээс орон сууцыг барихдаа дулааны станцаас техникийн нөхцөл аваагүй гэх, барилгын компани нь нэгэнт Улсын комисс хүлээгээд авчихсан учир дулааны станц ажлаа хийх ёстой гэх маргааны дунд иргэд, хэрэглэгчид хохирох ёсгүй. Тиймээс хаа хаанаа үүргээ ухамсарлан, алдаагаа засч,160 айлын орон сууцны оршин суугчдыг халаалт дулаанаар хангаж ажиллахыг барилгын компани болон дулааны станцын захирлуудад аймгийн Засаг дарга Б.Дүгэржав анхааруулж, үүрэг өглөө.

Мөн албан байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа дутууг гүйцээж, өвлийг өнтэй давахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх 4 гол ажлын талаар мэдээлэл өглөө. Аймгийн Засаг даргын тамгын газар Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран Ховд хотын авто замын хагархай цоорхойг нөхөж засах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, золбин муур, нохойг устгах ажлыг, бүх албан байгууллага, иргэдийн оролцоотойгоор хотын болон хогийн цэг дээрх хур хог хаягдлыг цэгцэлж, цэвэрлэх ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.