Цаг үеийн мэдээ

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, 68,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 4-р сарын 10-18-ны өдрүүдэд сумдад зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцсан юм.

Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Гадаад харилцааны чиглэлээр ОХУ болон Хятад улстай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, тэдгээр улсуудын сайн туршлагын талаар танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд байгууллагуудын хариуцах ажлын даалгаврыг өглөө.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын  13, 14-ний өдрүүдэд Ховд аймагт ажлын айлчлал хийх үеэр Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцлын УЦС-ын ажлыг эрчимжлүүлэх, Буянт сумын Шохойтын бэлд баригдах Цементний үйлдвэрийн шавыг тавих, ХАА-н гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцах тул зарим байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Түүнчлэн Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, байгууллага бүр хуулийн дагуу 50 метрийн бүсэд ногоон байгуулалт, цэцэрлэгжүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг Хүүхэд хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, байгууллага, ААН-д “Эцэг эхийн зөвлөл” байгуулах зөвлөмж холбогдох сургалтын талаар мэдээлэл хийлээ.