Боловсрол, Эрүүл мэнд

ХОВД ИХ СУРГУУЛИЙН 40 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж байна. Ховд их сургууль нь тэртээ 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үед байгаль, нийгмийн ухаан гэсэн хоёр тэнхимтэй, 13 багш, 12 ажилтан, 110 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тэгвэл өдгөө 40 жилийнхээ ойн баяртайгаа золгож буй Ховд их сургууль нь хоёр бүрэлдэхүүн сургууль, нэг салбар сургуультай болж өргөжсөн төдийгүй 150 орчим эрдэмтэн багш, ажилтан, 2400 гаруй оюутан суралцагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 29 мэргэжлээр бакалаврын, 13 мэргэжлээр магистрын, 6 мэргэжлээр докторын зэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа юм. Хөдөө орон нутагтаа анхдагч “Ховд их сургууль” байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын арга хэмжээнд Ховд их сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн эрдэмтэн багш ажилтан, төгсөгчид, орон нутгийн удирдах ажилтан, гадаад дотоодын хамтран ажиллагч их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл гээд 300 гаруй хүн оролцлоо.

Ойн баярын хүндэтгэлийн хурлыг аймгийн ХДТ-т зохион байгууллаа. Энэ үеэр сургуулийн түүхэн замнал, амжилт ололт, цаашдын зорилго чиглэлийн талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл хийж, урилгаар оролцож буй зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ. Үүнээс гадна Ховд их сургуулийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн захирлууд, эрдэмтэн профессор, багш ажилтнуудыг алдаршуулахын зэрэгцээ нэр бүхий багш нарт хөдөлмөрийн хүндэт медаль, боловсролын тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулж, шагнаж урамшуулсан юм.

Ховд их сургууль нь цаашид эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, сургалтын байгууллагаас “Судалгааны их сургууль” болон хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Чанартай боловсрол хөгжлийн үндэс уриатай “Ховд их сургууль” нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд бакалавр, магистер зэрэгтэй 12800 орчим чадварлаг боловсон хүчин бэлтгэн төгсгөж, баруун бүсийн төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулж байгааг албаныхан онцолж байлаа. Мөн үе үеийн төгсөгчид, оюутан суралцагчид бүсийн хэмжээнд сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлж ирсэн түүхэн амжилтыг сургуулийн хамт олон бахархан ярьж байсан юм.