Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр албан айлчлалынхаа эхэнд БОЭТ-ийн үйл ажиллагаа, Бельги, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлэгийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Ерөнхий сайдын ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Б.Пүрэвдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарын тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь 40 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилдээ 1800 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн, хэт ачааллын үед 80-100 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг байна. Тиймээс Халдвартын болон Харшлын тасагт хэвтүүлэн эмчилгээ хийдэг талаар эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

Ийнхүү Улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулснаар алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, БОЭТ-ийн тасаг кабинетүүдийн хүрэлцээ хангамж сайжрахаас гадна хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлагууд, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Тус эмнэлгийн барилгыг “Мотоблок” ХХК 2019 онд барьж гүйцэтгэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.