Цаг үеийн мэдээ

ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км зайд орших Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, байршилтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Жилдээ 300-325 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх 100 МВт-ын хүчин чадалтай тус станцыг 288,5 сая ам.долларын буюу хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлүүлэн, барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаан дуусгана. Мөн Монгол улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэх юм.

Монгол улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна.

ОХУ-ын импортын 1кВт.цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс даруй 6-7 дахин өндөр үнэтэй байдаг ч жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ жилдээ 10 орчим хувиар өсөн нэмэгдсээр байгаа. Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гол эх үүсвэр бол Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцал, Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэж үзэж байна.

УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдах юм.