Цаг үеийн мэдээ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАА-Н ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Ховд аймаг жилд 22,4 мянган тн мах, 6000 тн сүү, 1,720,6 тн ноос, 617,6 тн ноолуур, 20,7 мянган ширхэг үхрийн шир, 180.0 мянган ширхэг ямааны арьс, 140.0 мянган ширхэг хонины нэхийг зах зээлд нийлүүлж байна.

Энэхүү нөөц боломжоо ашиглан орон нутагтаа үйлдвэрлэл байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 5.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр байгуулагдах “МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-ИЙН “ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-ийг байгуулж байна. Тус байгууламжийг барих тендерт Ховд аймгийн “Саруул цамхаг” ХХК шалгарч гэрээний дагуу 2018 оны 10-р сард ажлаа эхэлсэн бөгөөд 2020 оны 05-р сард бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хоногт 1500 м3 бохир усанд механик, химийн болон биологийн цэвэршүүлэлт хийх хүчин чадалтай тус байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Тус байгууламжийн ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ танилцлаа.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж баригдсанаар баруун аймгуудийн малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх ноос, ноолуур угаах цаашлаад ээрмэл, шүлмэлийн үйлдвэрүүд, өлөн гэдэс угаах, сүү, махны боловсруулах үйлдвэрүүд баригдаж үйлдвэрлэл технологийн парк байгуулагдах суурь тавигдах юм.

2012 оноос хойш яригдаж хөрөнгө оруулалт нь он дамжин хийгдэж буй “ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-ийн тоног төхөөрөмжийг “Сант” ХХК гэрээний дагуу 1,2 тэрбум төгрөгийн өртгөөр нийлүүлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, ХХАА газарт 2015 онд хүлээлгэн өгчээ.