Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “МАЛ ЭМНЭЛЭГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Мал эмнэлэгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлэгийн газар, ШХА-ийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хамтран энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мал эмнэлэгийн гэрчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх программын сургалт”-ыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд Мал эмнэлэгийн үйлчилгээ нэгдсэн системд бүртгэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор явуулж буй тус сургалтад аймгийн МЭГ, сумдын МЭТ-ын мэргэжилтнүүд, Мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар зэрэг 60 гаруй хүн хамрагдаж байна. Дээрхи системийг Ховд аймгийн 17 суманд 10 сарын 20-ны өдрөөс эхлэн албан ёсоор нэвтрүүлэх юм.

Ингэснээр малын хулгайн гэмт хэргийн гаргалт буурч, хэрэглэгчид чанарын шаардлага хангасан, гарал үүслийн гэрчилгээтэй мал, малын түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр ШХА-ийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаусаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр сумдын МЭТ-уудад олгож буй компьютерийг гардуулан өглөө.